БНАСАУ АНУ-тай хэлэлцээгээ зогсоожээ

0
278

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ АНУ-тай энэ оныг дуустал хэлэлцээ хийхгүй бөгөөд байр суурийнхаа талаар бодож үзэхийг Америкийн талд зөвлөлөө гэж тус улсын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль мэдэгджээ.

“Америкийн тал бидэнтэй хэлэлцээ хийх практик бэлтгэл хийгээгүй гэж бид дүгнэж байна. Үүнтэй холбоотойгоор, хэлэлцээг зогсоож, он дуустал хийхгүй байхыг зөвлөсөн” гэж БНАСАУ-ын дипломатч мэдэгдсэнийг Yonhap агентлаг уламжилсан байна.

БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид бямба гарагт Шведийн Стокгольм хотод албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хоёр орны төлөөлөгчид хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзаж байгаа билээ. Гэвч Умард Солонгосын төлөөлөгчид хэлэлцээг дуусгалгүйгээр уулзалтын танхимыг орхижээ.

Үүний дараа Ким Мён Гиль АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшинд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсныг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид “гар хоосон ирсэн” бөгөөд БНАСАУ-ын шаардлагыг харгалзаж үзээгүй тул “хэлэлцээ хийх хүсэл зоригийг нь унтраажээ”.

Ким Мён Гиль мөн тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа Пёньян үргэлжлүүлэх эсэх нь чухам Вашингтоноос хамаарна гэдгийг мэдэгдсэн байна.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон итгэлцлийг бий болгоход чиглэсэн алхмыг бид түрүүлж хийсэн. Хэрэв АНУ үүнд чин сэтгэлээсээ хандвал бид цөмийн зэвсгээс ангижруулах алхмуудыг нухацтай хэлэлцэх дараагийн шатанд шилжих боломжтой болно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж:Montsame.mn